Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 9.06 сая ам.долларын санхүүжилт авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС) хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС-гийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 сумыг 120 малчин, 455 эмэгтэйн өрхийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулжээ. Уг төслийг үргэлжлүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс 9.06 сая ам.долларыг ХААХОУС-гаас жилийн 1.25 хувийн хүүтэй зээлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгасан.
Зээлийн хугацаа 25 жил байх юм. Зээлийн хөрөнгөөр аймаг, сумдад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох замаар малчдыг дэмжих, ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх юм.
Төсөлд хамрагдах аймаг, сумдыг ямар шалгуураар сонгодгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь тодруулсан. ХААХОУС-ын ажлын хэсэг Монголд ирж, аймгуудын ядуурлын түвшин, хүн амын тоо зэргээс эхлээд нарийвчилсан судалгаа явуулж, сонгодог гэсэн тайлбарыг ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн өгөв. Мөн байнгын хороон дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Нэмэлт санхүүжилтийн хэлэлцийг байгуулж, төслүүдээ хэрэгжүүлж дууссаны дараа үр дүнг нь эргэн тайлагнахыг ХХААХҮЯ-нд сануулав.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд ... хувь дэмжиж, Засгийн газарт Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөв.
Ч.Ариунболд