Завхан аймагт гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-03 19:11:56

Завханы Цагдаагийн газраас иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах аяны хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье” сургалт хэлэлцүүлгийг явууллаа.

Сургалт хэлэлцүүлэгт 250 гаруй төрийн албан хаагчид иргэд оролцлоо. Энэ үеэр аймгийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг цэгийн үйлчилгээний төвөөс мэдээлэл хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцууллаа.

Дашрамд манай аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг цэгийн үйлчилгээний төв нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хүчирийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгоно гэдгийг албаныхан мэдээллээ.

Мөн үеэр төрийн албан хаагч нар болон иргэдийг “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлье” хууль сурталчилах аяныг зарлаж энэ аянд нэгдэхийг уриаллаа. Цаашид аймгийн Цагдаагийн газраас хууль сурталчлах ажлыг сум, баг, ерөнхий боловсролын сургууль болон зорилтод бүлэгт чиглэн зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ