Хятадууд хар материйг судлах хиймэл дагуулыг туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-10-19 13:09:41

БЭЭЖИН. /TASS/. Хятадуудын хар материйн өчүүхэн хэсгүүдийг дурандах зорилгоор бүтээсэн хиймэл дагуулын туршилт дуусах шатандаа оржээ. Сансрын уг аппаратыг энэ онд багтаан хөөргөнө гэж тус улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сансрын шинжлэх ухааны төвийн захирал У Зи мэдэгдсэн байна. Сансрын орон зайг судлах зорилгоор он дуусахаас өмнө хятадууд хэд хэдэн хиймэл дагуул хөөргөх ажээ.

“Бээжин хотын зүүн хойд хэсэгт оршдог Хуайжоу дүүрэгт хиймэл дагуулын удирдлагын төвийн барилгын ажил дуусч байгаа бөгөөд даалгавраа биелүүлэхэд хэдийн бэлэн болсон” гэж У Зи хэлснийг Синьхуа агентлаг уламжилсан байна.

У Зигийн хэлснээр, хиймэл дагуулд суурилуулах оптикийн төхөөрөмжүүдийг бүтээх хүнд хэцүү ажлыг даван туулсан бөгөөд “ашигтай ачааллыг нь нэмэгдүүлэх талаар  явуулсан судалгаанд ихээхэн ахиц дэвшилд хүрч чаджээ”.

Бага таталцлын үед болон сансрын хэт ягаан туяаны нөхцөлд материйн хөдөлгөөний хуулийг судлах зорилгоор "Шизянь-10" туршилтын хиймэл дагуул бүтээх ажил ид дундаа явж байгааг тэрбээр онцолсон байна.

Түүнчлэн хатуу диапазоны рентген телескоп бүхий хиймэл дагуул бүтээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ. Уг хиймэл дагуулыг хэт их масстай хар нүх болон өндөр эрчим хүчтэй тэнгэрийн биет илрүүлэх зорилгоор бүтээж байгаа аж. Эдгээр хиймэл дагуулыг 2016 оны эхний хагаст хөөргөхөөр төлөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ