Номгон хайрханд 70 гаруй аргал нутаглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙAрхангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Номгон хайрханд 72 аргал, угалз идээшлэн байна. Анх 1990 онд тус хайрханд хоёр аргал ирсэн боловч тэр жилийнхээ өвлийг давж чадалгүй үхсэн аж. Харин 2005 онд долоон аргал ирж нутагшсанаар өдгөө ийнхүү 70 гаран болтлоо өсчээ.
Энэхүү аргал, угалзыг Номгон хайрханд нутагшуулахад тус багийн иргэн, сайн дурын байгаль хамгаалагч Н.Чимэдцэрэн бүхий л хүч, бололцоогоо дайчлан ажиллажээ. Тэрээр энэ хэдэн аргал, угалзаа, Номгон хайрханаа хамгаалах сэтгэлээсээ болоод нутгийн ах дүү нартайгаа ч ам зөрөх үе гардаг гэнэ. Түүнчлэн аргал, угалзандаа байнга давс, хужир, өвс тэжээл тавьж өгдөг тэрээр жилд гурван ч мотоцикль элээдэг гэх.
Харин Номгон хайрхан ууландаа найман тахил босгохоор шийджээ. Энэ найман тахилд нь нутгийн иргэд тус тусынхаа адууны тамгыг дарж онголох аж. Ингэснээр Номгон хайрханы ан амьтанг агнах, газар шороог нь ухах эрсдэлээс хамгаалж чадна гэж байгаль хамгаалагч Н.Чимэдцэрэн үзжээ.
Б.Баясгалан