Зарим Элчин сайдын яамыг татан буулгах асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай”, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” болон “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн хуулийн төсөл болон аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар БОАЖ-ын сайдын мэдээлэл сонсч,“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх аж. Мөн цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар УУХҮЯ-ны удирдлагуудын мэдээллийг сонсох юм.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Байнгын хороо өнөөдөр Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-ийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гадаад харилцааны яамны 2016 оны тайлан болон Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай, Дипломат төлөөлөгчийн газар нээн ажиллуулах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн цагт Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайланг сонсох болон Г аалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Ч.Ариунболд