Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-31 15:46:45

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг  эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь нийт ажилчдын 47.5 хувийг эзэлдэг аж. Үндэсний статистикийн хороо болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэхүү хуулийн төсөл батлагдвал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлөх сонирхол нь нэмэгдэж, улсын төсөвт 490 тэрбум төгрөг төвлөрнө хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар тогтов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ