“Ахмадаа дэмжих жил”-ийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-27 07:43:29

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хойч үеийнхэнд өвлүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор зарласан жилийн нээлтийн арга хэмжээ 1 сарын 26-ны өдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч, “Ахмадаа дээдлэх жил”-ийн Ажлын хорооны дарга О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, “Ахмадаа дээдлэх жил”-ийн Ажлын хорооны нарийн бичгийн дарга, Монгол улсын гавьяат багш, доктор Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө болон Өвөрхангай аймгаас төрөн гарсан гавьяат цолтнууд, Монгол улсын шинэ Үндсэн хууль батлалцсан депутатууд, ахмадын төлөөлөл болох 600 гаруй ахмад настан оролцсон юм.

Энэ үеэр Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, тогтоомж, төрөөс ахмад настанд зориулан хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, 2017 онд аймгаас авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ахмадуудад танилцууллаа. Өвөрхангай аймгийн хэмжээнд 9884 ахмад настан бий бөгөөд Үндэсний статистикийн гаргасан хэтийн тооцоогоор 15-20 жилийн дараагаар Монгол улсын хэмжээнд насжилт эрчимжиж манай аймаг 30 жилийн дараа 20 мянган ахмадтай болно гэх судалгаа байна. Ахмад настны тоо нэмэгдэх хэрээр тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэн ахуй амьдралд нь үзүүлэх тусламж, дэмжлэгийг өргөжүүлэх зэрэг шаардлагууд урган гарч байгааг холбогдох албаныхан хэллээ.

Өдгөө Өвөрхангай аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 12 мянган ахмад настан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт эдэлж байгаа ба үүнээс 11536 ахмад бүрэн тэтгэвэр авч байна. Гэвч 62,0 хувь нь тэтгэврийн зээлтэй, түүнээс 54 хувь нь тэтгэврээ 12 сараас дээш хугацаагаар зээлжээ. Ахмад настнуудын дунд зүрх судас, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, бөөр шээсний замын өвчлөл зонхилж байгаа аж. Түүнчлэн нийгмийн харилцаанд бүрэн орж чаддаггүй, эмчилгээ сувилгаанд хамрагдах боломж тэр бүр байдаггүй, бэлэвсрэх, ганцаардах, байнгын асаргаанд орох зэрэг олон тулгамдсан асуудал байх бөгөөд үүнийг тодорхой түвшинд шийдвэрлэхийн тулд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, “Ахмадаа дээдлэх жил”-д хийж, хэрэгжүүлэх 2 зорилт, 27 арга хэмжээтэй ажлын төлөвлөгөөг баталжээ.

Ахмад настны талаар судалгаа мэдээллийг баяжуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох,  Сум, баг бүрт ахмадуудын уулзалт, өдөрлөг, сургалт, хэлэлцүүлэг, спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Ахмадуудыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулах, Сэргээн засах болон өдрийн үйлчилгээг өргөжүүлж, хөдөөгийн ахмадуудыг хамруулах,  Амьжиргааны түвшин доогуур ахмадуудыг орон нутгийн рашаан сувилалд амраах, Үйлчилгээний байгууллагууд ахмадуудад дараалалгүй үйлчлэх боломжийг бүрдүүлэх, Амьжиргааны түвшин доогуур, амьдрал ахуй нэн хүнд ахмадуудыг аймаг, сумын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгч тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй ахмадуудад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх, Мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг туршлагатай ахмадуудыг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, ахмадын зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэднээс гарсан бүтээлч санал санаачилга, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж, манлайлагч шилдэг, тэргүүний ахмадуудыг шагнаж урамшуулах, Сумдын чийрэгжүүлэлт, амралт чөлөөт цагийн танхимыг үр өгөөжтэй ашиглах, төрийн байгууллагуудын урлаг, спорт заал, соёлын төвүүдийг ахмадуудад долоо хоног бүрийн нэг өдөр үнэ төлбөргүй үйлчилдэг болгох,  Удам судар, үндэс угсаагаа сайтар мэдэх, хүндэтгэн дээдлэх, ургийн бичгээ зөв хөтлөх түүнийгээ залгамж үедээ өвлүүлэн сургах ажлыг ахмадуудын дэмжлэгтэй зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлуудыг жилийн төлөвлөгөөнд тусгасан байна.

2017 онд Ахмадуудын урлаг, спортын их наадмыг зохион байгуулж, “Орон нутгаа хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тойрон аялалыг хангай, говийн чиглэлд зохион байгуулах юм. Мөн ахмад настнууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой “Ахмадын өргөө”-г Арвайхээр суманд барьж ашиглалтанд оруулахаар төсөв хөрөнгийг батлаад байна.

Эдгээр мэдээллийг арга хэмжээний нээлтийн үеэр дуулгахад ахмадууд баярлаж, талархан хүлээн авлаа. Энэ үеэр ахмад дайчин, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндоржид орон нутгаас нэг өрөө байр олгож, батламжийг нь гардуулсан юм. М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөөх аян дайнд залуу насаа зориулж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөн улс, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн билээ. Мөн Хархорин сумын өндөр настан Д.Доржтовууг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хархорин сумын өндөр настан Г.Гаваа, Арвайхээр сумын өндөр настан Д.Долгор, Д.Зэсэм, Д.Цэцгээ нарыг Алтан гадас одон, тус сумын ахмад Э.Дорж, Л.Доньд нарыг Хөдөлмөрийн хүндэт медаль, нэр бүхий найман хүнд аймгийн  Засаг даргын “Жуух бичиг”-ийг гардууллаа.

Түүнчлэн “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажилд аймгийн хэмжээний сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүндэтгэл бахархлын аян”-ыг жилийн турш зохион байгуулахаар Ажлын хорооноос санаачилж, аяны туг, дэвтрийг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Ахмадын хорооны дарга нарт гардуулан өгсөн юм. Аяны туг, дэвтэр хүлээн авсан сум, баг, байгууллага нь өөрийн харьяаллын ахмадуудад зориулсан “Ахмадын сан” байгуулах, ахмадуудын дунд уулзалт, өдөрлөг, спорт, соёл урлагийн арга хэмжээ явуулах, амьдрал ахуй нэн хүнд 1-2 ахмад настанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах ажээ.

Арга хэмжээний төгсгөлд Өвөрхангай аймгийн Ахмадын хорооноос нэгэн уриалгыг гаргасан байна. Ахмад хүний ёс жудаг, аливаад хандах хандлага, эх оронч, хөдөлмөрч зан чанар, ёс суртахууны үлгэр дууриаллыг эрхэмлэн сахиж, “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажилд идэвхтэй оролцох, “Ахмадын өргөө”-нд бололцооныхоо хэрээр сайн дурын хандив өргөх, бүтээн байгуулалтуудаа хайрлан хамгаалж, иргэний хяналтаа сайжруулах, амьдарч буй ойр тойрондоо цэвэр орчныг бүрдүүлэх, айл өрх бүрийг ургийн бичигтэй болгож, үр удамдаа өвлүүлэхийг уриаллаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ