Төрөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Хөгжлийн банкны тухай, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай, Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Мөн Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонсоно. Үүний зэрэгцээ Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулах аж
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын сэдэв батлах тухай, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Б.Туул