35 булаг ширгэсэн гэсэн судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-24 12:58:48

Хар Нуур-Ховд Голын Сав Газрын Захиргааны дарга Р.Энхсүрэнтэй уулзаж байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал, усны зөв зарцуулалт, ашиглалт, хамгааллын чиглэлээр хийсэн ажлын талаар ярилцлаа.

-Хар нуур-Ховд Голын Сав газрын захиргааны давуу тал, үйл ажиллагааны үндсэн чиглэл юу вэ?

-Сав газрыг гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын орон зай гэж ойлгож болно. Тиймээс үйл ажиллагааны чиглэлд Мөнх цас, мөсөн гол, нуур, цөөрөм, тойром, гол горхи усан сан, булаг шанд, рашаан, худаг, уст  цэг, услалтын систем гээд бүгд хамрагддаг. Манай Хар Нуур-Ховд Голын Сав Газрын Захиргаа Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан,Говь-Алтай зэрэг 5 аймгийн 29 сумдыг хамардаг. Монгол орны хэмжээнд анх 2009 онд Буянт, Ховд голын Сав газрын зөвлөл гэж байгуулагдаж байсан,  21 сав газрын захиргаадаас хамарч буй талбайгаараа эхний гуравт ордгоороо давуу талтай.

-Танай сав газраас усны ашигласны төлбөр төсөвт төвлөрүүлдэг. Ямар байгууллагуудаас төлбөр авдаг вэ? 

-Тус сав газрын хэмжээнд ус, усан орчинг ашиглан үйл ажиллагаа явуулж буй 17 аж ахуй нэгжүүдэд 2016 онд ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж ус ашигласны төлбөр 21,7 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцож Татварын хэлтэст хүргүүллээ.

"Шим-Ус" ОНӨААТҮГазар, "Дөргөний усан цахилгаан станц" ХХК, Суат ХХКомпаниудад ус ашиглах зөвшөөрөл олгож, төлбөрт 71,6 сая төгрөгийг төвлөрүүлэх эрх зүйн орчинг бий болгосон.

Ховд аймгийн хэмжээнд 2016 онд усны нөөц ашигласны төлбөр 117,6 сая төгрөг  нийт сав газрын хэмжээнд 133,6 сая  төгрөгийг бусад байгууллагуудтай хамтран төвлөрүүлсэн.

Сав газрын балансын нэгжид хамаарах сумуудаас хамгийн их газар тариалан эрхэлж буй Буянт сумын 0,2-25 га хүртэл талбайтай 391 албан байгуулага, айл өрхүүдийн 2016 онд ус ашигласны төлбөрийг тус бүрд нь тооцож  59,2 сая төгрөг төвлөрүүлэх эрх зүйн орчинг бий болгосон.

Сав газрын захиргаанаас 2016 онд үйл ажиллагаа явуулсан 36 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 42 удаа хяналт шалгалт хийж, гарсан зөрчлүүдийг арилгахын тулд Улсын байцаагчийн албан шаардлагыг долоон аж ахуй нэгжид хүргүүлж зөрчлийг цаг тухай бүрт нь арилгуулсан.

-Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ширгэсэн булаг хэд байна вэ? Хяналт, хамгаалалт ямар түвшинд байгаа вэ?

-Хамгийн сүүлд 2011 онд Улсын төсвөөр гадаргын усны тоо бүртгэл хийгдсэн байдаг. Харин сав гарын захиргаа байгуулагдснаас хойш жил бүр судалгаа хийж байгаа. 2016 онд ширгэсэн булаг 35, хамгаалах шаардлагатай 86 булаг шанд, рашаан байна гэсэн тооцоо гарсан.  Монгол орны усны бодлого нэн тэргүүнд гадаргын усаар хэрэгцээгээ хангах,  хоёрдугаарт гүний усаа нөөцөлж ашиглах гэсэн зарчимд тулгуурлагддаг. Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багуудад энгийн гар худаг 367, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 3670 энгийн гар худаг байна. Гэвч энд ямар ч хяналт байхгүй байгаа.

-Орон сууц, албан газруудыг усны тоолууртай болгох ажил хэрэгжиж байна уу?

 -Сав газрын захиргаанаас 2016 онд Орон сууцны айл өрх  аж ахуйн нэгжийг тоолууржуулах ажлыг зохион байгуулж  Ховд  аймагт 47,8 хувь , Баян өлгий аймагт 96,2 хувьд хүргэж ажилласан.Шинээр баригдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнууд бүгд усны тоолууртай болоод байгаа. Сав газрын захиргаанаас  санаачлан  Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон 20 ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан “Ус ухаалаг хэрэглээ” сэдэвт сургалт мөн БОАЖГазар, ХХААГазар, МХГазар, Шим-Ус ОНӨААТҮГазар, Сум дундын ой анги зэрэг байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан “Усны тухай хуулийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

-Усыг юу ч орлохгүй гэж ярьдаг, алтнаас үнэ цэнэтэй. Усаа хайрлах, хамгаалахад олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийв?

НҮБ-аас Дэлхийн усны өдрийг “Ус ба ажлын байр” сэдвийн дор тэмдэглэх ажлын хүрээнд сав газрын захиргаанаас “Ус бол ХХI- зууны алт” сэдэвт сарын аяны төлөвлөгөө гаргаж нийт хэд хэдэн  бодит ажлыг хийлээ.

“Ус бол XXI-зууны алт” сэдэвт сарын аяны  хүрээнд “ Ус ба Тогтвортой хөгжил-3” сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг Ховд Их Сургууль, Экологийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвтэй хамтран зохион байгууллаа. Энэ эрдэм шинжилгээний хурлыг  хоёр  үе шаттай явуулж эхний шатанд хурлын шүүгчид 10 илтгэлийг шалгаруулан 2-р шатанд тэдгээрээс 1,2,3 байр болон тусгай байруудыг урамшуулсан.

Сав газрын захиргаа Ховд их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж Их нууруудын хотгорын гидрохими, гидробиологийн судалгааны ажлыг ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хар ус нуур орчмын УТХГНХЗахиргаа, Хяргас нуур–Завхан голын СГЗахиргааны холбогдох мэргэжилтнүүд болон эрдэмтдийг оролцуулан ажлын хэсэг байгуулсан.Ажлын хэсэг Их нууруудын хотгорын нууруудын 40 цэгээс дээж авч Их нуур голуудын гидрохими, гидробиологийн байгаль хамгаалал ба мониторингийн хөтөлбөр гаргасан. Мөн Жаргалант сумын хүн амын унд ахуйд ашиглагдаж байгаа 15 худгаас дээж авч шинжилгээнд хамруулж тухайн худгуудын чанарыг тодорхойлсон.

Манай  мэргэжилтнүүд замын компаниуд “Эйч кэ би интернэшнл холдинг" ХХК, автозамын CW 1-2 төсөл, “Чайна хуаши интерпрайзиз” ХХК,Чайна хуаши интерпрайзиз ХХК СW-1-2, Чайна хуаши интерпрайзиз ХХК  СW-1-3, Эйч кэ би интернэшнл холдинг ХХКомпаниудын ажилтай газар дээр очиж танилцан Усны хэрэглээ, ашиглалтын байдалд хяналт хийж, мэргэжлийн арга зүйн  зөвлөгөөг  8 удаа өгсөн.

-Танай сав газар цаашдаа ямар  зорилт дэвшүүлж байна ?  

-Манай сав газрын захиргааны эрхэм зорилго бол Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон усны зохистой ашиглалт, хамгаалалтыг бий болгох замаар сав газрын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах. Энэ л зорилгынхоо хүрээнд байгаль орчны салбарт Усны зөв зарцуулалт, хяналт шалгалт, хамгааллын чиглэлээр бодит ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Усны талаарх төрийн бодлого шийдвэрийг бодитоор хэрэгжүүлсэн манлайлагч хамт олон байх болно.Түүнчлэн Усны инженерүүдийг урьж уулзалт хийхээр ХХААХҮГазрын бэлчээрийн усан хангамж хариуцсан М.Цогт-Эрдэнэтэй тохиролцсон. Ахмад үеийн усны инженерүүдийн үгийг сонсож, аймгийнхаа усны бодлогыг зөв гольдролд оруулах нь  цаашдын зорилт юм.

-Та ус судлалын инженер хүн, усны үнэ цэнийг тодорхойлохгүй юу?

-Ус бол ХХI-р зууны алт. Амьд  бүхнийг  тэжээн тэтгэгч, химийн аргаар гаргаж авах  ямар ч боломжгүй амин эрдэнэ юм.

 А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ