“Миний дуран” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-20 15:58:09

Гэрэл зурагчин Б.Цээпилийн бие даасан “Миний дуранд” уран бүтээлийн үзэсгэлэн Архангай аймгийн Нийтийн номын санд өнөөдөр нээлтээ хийлээ.

Хоёр өдрийн турш үзэгч олныхоо мэлмийг баясгах тус үзэсгэлэндээ тэрээр өөрийн урын сангийн 4000 гаруй бүтээлээс шигшмэл 80 бүтээлийг сорчлон дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцохоор Улаанбаатар хот болон Хэнтий, Дархан, Сэлэнгэ аймгаас мэргэжил нэгт нөхөд нь ирсэн байлаа. 25 жил зургийн аппарат үүрэн, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн яваа Б.Цээпилийн багийн найз, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Д.Октябрь “Гэрэл зураг гэдэг хүмүүний төдийгүй эх дэлхийн түүх юм. Тэгэхээр энэхүү түүхийг бүтээлцэж яваа эрхэм анд минь чи өөрөө түүх “бичигч” гэсэн үг шүү” хэмээн урам хайрлалаа.

Мөн энэ үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 10 гаруй гишүүд Архангай аймгийн гэрэл зураг сонирхогч иргэдэд хоёр өдрийн анхан шатны сургалт зохион байгуулж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Б.Цээпил “Миний нутгийн бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож, “Шилдгийн шилдэг оролцогч”, “Canon Mongolia”-гаас зарласан “Солонго” уралдааны тэргүүн байрыг эзэлж, гэрэл зургийн бие даасан дөрвөн ч цомог гаргаад байгаа аж.

Б.Баясгалан

Холбоотой мэдээ