Сүхбаатар аймагт орон сууцны борлуулалт багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-17 17:34:47

Сүхбаатар аймагт орон сууцны борлуулалт эрс багасчээ.

“Орон сууцны барилгуудыг ихэвчлэн хувийн компаниуд барьж гүйцэтгэсэн байгаа. 2016 оны хувьд 2015 оноос шинээр баригдсан орон сууц 102-оор буурсан. Өнгөрсөн онд хэдий цөөн орон сууц баригдсан ч борлуулалтын хувьд урьд жилүүдээс эрс багассан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсан, ипотекийн 8 хувийн хүүтэй зээл зогссон гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа хэмээн Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б. Алтансүх хэлж байна.

Сүхбаатар  аймагт орон сууцны метр квадратын үнэ доод тал нь 1сая 200 мянгаас 1 сая 250 мянган төгрөгийн ханштай байгаа. Урт хугацааны бага хүүтэй зээл олгогдохгүй бол ийм үнээр орон сууц худалдаж авч чадах хүн ховор. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс иргэдээ чанартай, хямд үнэтэй орон сууцаар хангах  бодлого барин ажиллаж байна.

Харин баригдаж дууссан ч улсын комисс хүлээж аваагүй, албан ёсоор ашиглалтанд ороогүй, 2017 онд хүлээж авах 56 айлын орон сууц байна.

Аймгийн төв Баруун-Урт суманд өнгөрөгч 2016 онд таван барилга буюу 131 айлын орон сууц шинээр баригдан, улсын комисс албан ёсоор хүлээн авч ашиглалтанд оруулжээ.

Хаан банкны ажилчдын 30 айл, боловсрол хорооллын 23 айл, Цэлмэг хотхоны хоёрдугаар ээлжийн 19 айл, 2-р БДС-ийн багш ажилчдын нэгдүгээр ээлжийн 25 айл, хуулзүйн ажилчдын 20 айл, 1500 айл орон сууц төслийн эхний ээлжийн 12 айл гээд нийт 131 айлын орон сууц ашиглалтанд оржээ. Үүнээс, одоогоор борлуулагдаагүй 38 шинэ орон сууц байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ