Редакторууд нэгдэн клубын зарчмаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-17 16:31:20

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй редакторууд нэгдсэн клубын зарчмаар ажиллахаар болж, өнөөдөр анхны уулзалтаа хийв.

Тус клубынхэн нийгэмд бугшсан асуудлыг хөндөж, сэтгүүлч уран бүтээлчийн хүчийг тэр зүгт хандуулахын зэрэгцээ төр засгаас хэрэгжүүлж буй ажлын алдаа оноог дэнслэн, асуудлыг бодитоор нь хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. 

Өнөөдрийн уулзалтаас клуб байгуулснаа олон нийтэд мэдээлэх, эхний ээлжинд гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, клубын үйл ажиллагааны зорилт зорилгыг тодорхойлох, зохих ажлын багийг байгуулах асуудал дээр гишүүд санал нэгдэв.

Клубын гишүүдийн анхаарлаа хандуулж буй эхний асуудал бол Улаанбаатар хотын утаа байх аж. Редакторууд бүтэн жилийн турш утааны асуудлыг хөндөн бичих бөгөөд хэвлэл мэдээллийн редакциуд утааг бууруулах, улмаар арилгах гарцыг хамтдаа эрэлхийлнэ.

Клубын дараагийн уулзалт ирэх баасан гарагт болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ