Таалал төгссөн уран бүтээлчдийн нэрсийг Brit Awards шагналд дэвшүүлжээ

Дэлхийд | Соёл урлаг
adiyakhuu@montsame.mn
2017-01-16 12:09:39

МОСКВА./TASS/. Өнгөрсөн онд таалал төгссөн алдартай уран бүтээлчид болох Дэвид Боуи, Леонард Коэн нарын нэрийг Brit Awards-2017 шагналд дэвшүүлжээ.

Шагнал эрхлэх хорооны цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Боуи-гийн нэрийг “Британийн гоцлол уран бүтээлч” номинацид дэвшүүлсэн байна. Энэ ангилалд Британийн дуучин Крейг Дэвид өрсөлдөж байгаа юм.

Харин Л.Коэны нэрийг “Олон улсын гоцлол уран бүтээлч” ангилалд дэвшүүлжээ. Энэ ангилалд Америкийн дуучин Бруно Марс өрсөлдөж байна. Өрсөлдөгчдийг шалгаруулах санал хураалтын дүн тав хоногийн гарах ажээ.

Британийн дуучин Дэвид Боуи 2016 оны 1 дүгээр сарын 11-нд хорт хавдраар нас баржээ. Харин Канадын яруу найрагч, хөгжимчин Леонард Коэн мөн оны 11 дүгээр сард 82 насандаа таалал төгссөн билээ.

Brit Awards шагналыг Британийн хөгжмийн бичлэгийн холбооноос 1977 онд санаачлан бий болгосон бөгөөд түүнийг Америкийн Grammy-тэй адилтган үздэг. Өнгөрсөн хугацаанд уг шагналыг The Beatles, Oasis хамтлагууд, Робби Уильямс, Эд Ширан нарын зэрэг олон уран бүтээлчид хүртэж байлаа.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ