Эрдэнэбүрэн сумын өөлдүүд бол Галдан бошготын албатын нэг хэсэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-11 16:33:41

Өөлдүүд олон газар тархсан хэдий ч гол цөм нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд бөөнөөрөө аж төрөн сууж байна. Тод үсгийн сурвалжийн мэдээг иш болговол, Эсэн хааны ач Хамаг тайш 1480-аад оны үед Цоросын дотроос албат таслан аваад түүнийг өөлд хэмээн нэрийджээ.

Энэ тухай Баатар убаши түмний туурвисан “Дөрвөн ойрадын түүх”-д “…Дөрвөн ойрад гэхийн нэг нь Өөлд” гэжээ. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Ойрадын Галдан бошготын тэмцлийн хэрэг явдалтай холбогдон өөлдүүдийн зарим нь сарнин тархаж энд тэнд суужээ. 1702 онд Манж нар Галдангийн цэргийн жанжин Равданг хэсэг ардынх нь хамт оруулан авчээ.1703 онд нэгэн хошуу болгон Равданг засаг ноёноор тавьсан. 1731 онд өөлдийн хоёр хошууны Муухай, Цэрэн нар Цэрэнванбуугийн хошууны зарим ардыг сэм ятган Зүүн гарт оргуулан оджээ. Манжийн эрх баригчид үлдсэн өөлдүүдийг сэжиглэж тэднийг Халх голын хавьд нүүлгэн шилжүүлсэн байна. Ховдын Эрдэнэбүрэн сумын өөлдүүд бол Галдан бошготын албатын нэг хэсэг, Архангайн өөлдүүдийн тасархай юм. Тэд 1764 онд гүн Дамбийг даган Сайн ноён хан аймгийн Өөлд хоёр хошуунаас тасран, Ховд голын хөндий, Цамбагарав ууланд ирж нутаглан суув. Энэ тухай” Ховдын засгийн хэргийн бүгд цэс”-д “…Тэнгэр тэтгэсний хорин есдүгээр онд /1764/ Ховдын харъяат болгож нүүн иржээ” гэж тэмдэглэсэн байна.

Ховдод нүүж ирсэн өөлдүүдийг нэгэн хошуу болгон зохион байгуулж Ховдод суусан манж сайдын газарт захируулжээ. 1912 онд Өөлд хошууны бүгдийн дарга Ламжав богд хаант монгол улсад дагаж захирагдахаа илэрхийлсэн түүнд үе улиран үйзэн цол, улсад туслагч гүнгийн хэргэм шагнаж, дөрвөдийн баруун гарын Зоригт хан аймагт захируулжээ. 1925 онд засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийхэд урдын үйзэн гүнгийн хошуугаар Мөнхнамаржин, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан гэсэн гурван сумаас бүрдсэн Цамбагарав уулын хошууг байгуулж Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1927 онд Цамбагарав уулын хошууг Наранхайрхан уулын хошуутай нэгтгэжээ. 1931 онд Наранхайрхан уулын хошуунаас урдын Үйзэн гүний хошууны өөлдүүдийг салган өдгөөгийн Эрдэнэбүрэн сумыг байгуулсан нь өөрчлөлт оролгүй өнөө хүрчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ