АИХ-ын депутатууд теле ярилцлагад оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-11 10:42:57

Ховд аймагт Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал "Үндсэн хууль-25 жил" телевизийн ярилцлагыг нутгийн удирдлагын ордны "Ёслол хүндэтгэлийн өргөө"-нд зохион байгууллаа.

Энэхүү ярилцлаганд АИХ-ын депутат асан, Монгол Улсын гавъяат эдийн засагч Ү.Цэдэнбал, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Ширэндэв нар урилгаар оролцлоо. Мөн Хуралдааны их танхимд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, БСУГ хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 40 орчим сурагч оролцож, Монгол улсын Үндсэн хуулийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултаар оюуны чадвараа сорилоо. “Аха” тэмцээний ялагчаар Жаргалант сумын 7-р сургуулийн сурагч Б.Авирмэд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн бол 2 дугаар байранд 7 дугаар сургуулийн сурагч С.Баярхишиг шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн даргын ирүүлсэн саналыг хэлэлцэн Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ