Ховд аймгийн төв орчмоор цасгүй, дулаан өвөл болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-10 11:45:30

Энэ 2016-2017 оны  өвөл Ховд аймгийн төв Ховд хотод цасгүй өвөл болж байна.

Ховд аймгийн төв Ховд хотод өвлийн улирал 2016 оны 12 сараас хойш өдөртөө 7-10 градус хүйтэн байж, цаг тогтуун дулаан өдрүүд үргэлжилсэн ч цас ороогүй. Байгалийн энэ үзэгдлийн улмаас орчны агаар хуурайшиж, хүн, машин, уурын зуухны утаа тоос шороо дарагдахгүй байна.

Ховд хотод 1999-2000 оны өвөл ийм цасгүй дулаан өвөлж болж, айлуудын бууз банш хөлдөхгүй сандаргаж  байсан. Тэгвэл энэ жил орон сууцны айлууд тагтан дээр тавьсан мах хөлдөхгүй,шүүс гоожиж хатаж байна. Хурдан хүйтэрч цас ороосой мах хадгалах газаргүй болж байна гэж санаа зовнин хоорондоо ярилцана.

Цасгүй дулаан өвлийн  энэ байдлыг хөгшчүүл “харын зуд”гэж нэрлэж байгаа бол малчид мал амны усгүй хэцүү байна гэцгээж байна. Аймгийн төвөөс зайдуухан Ховд сумын Улаанбураа багийн малчид ууланд отроор өвөлжиж байгаад цас ороогүйн улмаас мал амны усгүйдэж дахин нүүж намаржаа гол газраа бараадан өвөвлжиж байгаа хэмээн ярьж байна. Мал амны цасгүй болох нь малчид өдөржин ховоо татаж худагны усаар малаа услах нь бас нэг хүндрэл болж байна  гэнэ. Идэр ес эхэлж, хоёр дуусаж байхад хавар мэт налайж, хүмүүс энгэр заамаа задгай тавьж, толгойдоо малгайгүй явж, өвлийн хувцас нь хүндэдсэн байдал ажиглагдана.

Нэг өвөл ч атугай дулаан өвөлжвөл яамайдаа гэх хэсэг байгаа ч цасгүй хараар өвөлжиж байгааг зарим эх сурвалж байгаль цаг уурын дулааралтай холбож, хэт дулаарах хур чийг орохгүй байх нь агаарын бохирдлын улмаас элдэв харшил, вирусын гаралтай ханиад ихэсгэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэх хүмүүс ч тааралдана.

Өнгөрсөн оны өвөл өдийд  Ховд хотод хүйтэн, цастай, зам халтиргаатай, уулсын орой битүү цастай байсан юм. Гэтэл энэ жил хотын төвдөө ч ууландаа ч цасгүй байна.

Дэлхий нийтээр яригдаж байгаа байгаль цаг уурын өөрчлөлт, дулаарал хүн төрөлхтөн биднийг байгальтайгаа зөв харьцах, жилээс жилд, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа байгалийн үзэгдлүүдэд дасан зохицох, төрөөс бодлогоор зохицуулалт хийх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгааг байгалийн үзэгдлүүд  анхааруулж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ