Захчингууд зах хязгаар нутгаа манасаар ирсэн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-09 10:57:41

Захчинууд Манхан, Мөст, Зэрэг, Үенч, Алтай суманд бөөнөөрөө оршин сууж байна. Судлаачдын үзэж байгаагаар захчин нь харьцангуй хожуу буюу XVII зууны эцэс XVII зууны эхэн үед бүрэлдсэн аж. Анх 1760-аад оны үед Зүүн гарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ.

Тийнхүү Зүүн гарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн. Захчинууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж явсан. Тэднийг Зайлганы газар түр суулгаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулс зэрэг газар нутаглуулжээ.Улмаар 1759 онд тэдэнд нутаг олгож Байдаг, Хавтаг хавьд нутаглуулсан байна. Гэвч удалгүй газрын ойрыг харгалзаж, 1777 оноос захчиныг Ховдын манж сайдын мэдэлд захиргасан байна. 1801 онд Ховд хот, Өрөмчийн манж сайд нар зөвлөлдөөд Ховд, Гүйчэн хотын хооронд тавьсан, суурь өртөөний албыг гүйцэтгэж байсан халхын ардуудыг татан буулгаж нутагт нь буцаагаад, оронд нь захчинаас 80 өрх цэрэг гарган өртөөний албыг хаалгасан нь манжийн дарангулалын туршид үргэлжилжээ. 1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагасны эсэргэн жил буюу 1912 онд монголын засгийн газраас манжийн тогтоосон хуучин засаг захиргаанг устгахад захчин хоёр хошуу Дөрвөдийн үнэн зоригт ханы аймагт захирагджээ. Мөн захчины хоёр хошууны ноёдод манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгон бүгдийн даргыг үе улиран залгамжлах хошуу ноён болгож, гүнгийн хэргэм шагнажээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин сэцэн гүнгийн хошуу, урд хошууг захчин бэйлийн хошуу хэмээн нэрийдэх болов. 1925 онд ардын засгийн газрын шийдвэрээр захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвөлсөн Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1931 онд хуучин Захчин бэйлийн хошуугаар Үенч, Захчингүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Мөст, Алтай сумдыг байгуулж Ховд аймагт захируулав. Эл зохион байгуулалт өдгөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ