Ховд хотын агаарын бохирдол Улаанбаатарынхаас дутахааргүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-09 10:37:30

Ховд аймгийн төвийн агаарын бохирдол өглөө, оройдоо Улаанбаатар хотоос дутахааргүй байгааг олон жил ярьж байгаа ч дорвитой өөрчлөлт хийгдэхгүй байна.

Ялангуяа өглөө ажилд явах, орой ажил тарах ид хөдөлгөөний үеэр машины угаар, айл гэрийн утаа, уурын зуухны утаа нийлээд хурц эвгүй муухай үнэр хамар цоргиж, нүд хорсгож, утааны үнэр хувцсанд шингэдэг.

Орон сууцны тоо нэмэгдсэн ч утаа хаядаг хуучин машины тоо өссөн нь дүндээ дүн болоод байна. 2015 оны байдлаар хүн амын зөвхөн 17,0 хувь нийтийн орон сууцанд амьдарч байна. 

Ховд хотын орчимд модон түлш байхгүй учир өвлийн улиралд зөвхөн нүүрс шатааж ахуйн хэрэглээг хангадаг. Аймгийн төвд хоёр станц нам даралтын 40 гаруй зуух,7400 гэр болон амины сууцны зуух зэрэгцэн ажиллаж жил бүр  43,0 мян нүүрсийг хоцрогдсон технологиор шатаж агаарыг их хэмжээгээр бохирдуулж байна. Мөн аймгийн хэмжээнд 9000 орчим автомашин байна гэсэн тооцоо байдаг.

Ховд аймгийн газар нутгийн агаарын жилийн дундаж температур 2010 онд 0,90 градусаар, 2015 онд 3,40 градусаар тус тус өссөн гэж цаг уурын байгууллагын мэдээнд дурьдсан байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагаанаас шалтгаалан 2015 онд 680,0 мянган тн СО2 экв/Нүүрс хүчлийн хий/ ялгарчээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ