Ирэх дөрвөн жилд 260 хууль тогтоолыг боловсронгуй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-05 11:18:48

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолд холбогдох хууль тогтоомжуудыг 2020 он хүртэл буюу энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд боловсронгуй болгох тухай асуудлыг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулах боломжийг тогтоолоор бүрдүүлнэ гэсэн үг юм.

УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан. Тухайлбал:

-2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62;

-2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96;

-2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96;

-2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна. 

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, "Анх тогтоолын төсөл боловсруулж байх үед 430 хуулинд өөрчлөлт оруулах санал орж ирж байсан. Бид аль болох олон хууль өөрчлөхгүй байхад анхаарсан. Тиймээс дээрх саналуудыг авч үзээд нийт 260 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгаад байна" гэсэн тайлбар хийж байв.

Б.Туул

Холбоотой мэдээ