Р.Дутерте "авлигачдыг нисдэг тэрэгнээс шиднэ" гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-29 18:44:23

МАНИЛА. /ВВС/. Авлига авсан албаны хүмүүсийг нисдэг тэрэгнээс шиднэ гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте сүрдүүллээ.

“Авлига авсан болон миний амласан санхүүгийн тусламжийн мөнгөнөөс хулгайлсан хэнийг ч байсан би Манилад авчраад, агаараас нисдэг тэрэгнээс шидэх болно” гэж авлига болон мансууруулах бодистой хатуу тэмцэх кампанит ажил өрнүүлж байгаа Р.Дутерте хэлээд, “би урьд нь ч ингэж байсан. Дахиад яагаад ингэж болохгүй гэж? гэсэн байна.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Филиппиний нутгийн төв хэсгийг хүчтэй хар салхи дайрсны дараа Р.Дутерте хохирогчдод  хандан үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн аж.

Тэрбээр энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ “би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, өөрийн гараар буудан устгаж байсан” гэж мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, тэрбээр гурван гэмт хэрэгтнийг буудан хөнөөж байжээ.

Харин түүний хэвлэлийн төлөөлөгч болон  засгийн газрын  сайд нар хэлэхдээ “Р.Дутерте үргэлж хэтрүүлж, давсалж ярьдаг” гэсэн юм.

Р.Дутертегийн нисдэг тэрэгнээс шидсэн хүн нь барьцааны хүнийг хөнөөсөн хүн хулгайлагч байсан бололтой. Энэ хэрэг хэзээ, хаана болсныг тэрбээр тодорхой хэлээгүй байна.

“Шаардлагатай бол би хэдэн сая хүний амиар ч хамаагүй Филиппинийг мансууруулах бодис болон авлигаас цэвэрлэх болно” гэж тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэлж байсан юм.

Энэ оны тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Р.Дутертегийн өрнүүлж эхэлсэн “хар тамхины эсрэг дайн”-ы явцад амиа алдсан хүмүүсийн тоо 6000 даваад байгаа билээ.

Тус улсын сөрөг хүчний улс төрчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид түүнийг албан тулаашаас нь түдгэлзүүлэхийг уриалсаар байгаа хэдий ч улс орноо цэвэрлэхийг хүсч буй сонгогчдын дунд тэрбээр нэр хүндтэй хэвээр байна.

“Би гэмт этгээдүүдийг өөрийн гараар устгаж байсан” гэсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Р.Дутерте-г шалгана гэж Филиппиний хүний эрхийн нэгэн байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ