Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 15:55:17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа. Тогтоолд:

-  Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах

-  Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох

-  Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх

-  Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.

Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм. 

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр 3-5 хоног асрахад цалинтай чөлөө олгоно

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Энэ дагуу:

-  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах

-  Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног  асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.

Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг  шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

 

Холбоотой мэдээ