Гарал үүслийн гэрчилгээг гаалийн бүрдүүлэлтэд бүрэн тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 11:24:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хууль тогтоолын төслийг Засгийн газар өчигдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн өдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дээрх хуулийн төслийг Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлын тов дарааллыг харгалзахгүйгээр УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамжийг гаргасан юм. Иймд тус хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд өнөөдрийн хуралдаанд оруулсан нь энэ юм.

Гаалийн тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас гарал үүслийн гэрчилгээг хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж. Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд хөнгөлөлттэй тарифын хувь хэмжээг мөрдөхтэй холбоотой гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэхээр байгаа тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар уг хуулийг Засгийн газраас өргөн барьжээ.

Өөрөөр хэлбэл, гарал үүслийн гэрчилгээг гаалийн бүрдүүлэлтэд бүрэн тусгахаар болж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асуусны дараагаар санал хураалт явуулахад 70,6 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ