Орос улсын импортолж буй ХАА-н бүтээгдэхүүний хэмжээ 3 дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-12-16 17:48:35

МОСКВА./TASS/. Орос улсын импортолж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн дүн нь импортын хориг тавьсан 2014 оноос хойших хугацаанд 60 тэрбумаас 20 тэрбум доллар болж буурлаа гэж тус улсын ХАА-н сайд А.Ткачев мэдэгдэв.

“Одоо Оросын дэлгүүрүүдийн лангуун дээр байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн 80-90 хувийг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж байна” гэдгийг сайд онцолжээ.

Сануулан дурдахад, ОХУ 2014 оны 8 дугаар сард Европын Холбоо, АНУ, Канад, Австрали болон Норвеги улсаас ХАА-н бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тогтоосон билээ. Энэ нь дээрх улсууд Украины асуудлаас үүдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд авсан арга хэмжээ юм. Импортын хоригийн хүрээнд дээрх орнуудаас мах, хиам, загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, ногоо, жимс, сүү болон самрыг Орост нэвтрүүлэхийг хориглосон байна. Улмаар импортын хязгаарлалтыг 2016 оны 8 дугаар сар хүртэл сунгахдаа Албани, Монтенегро, Исланд, Лихтенштейн зэрэг улсуудыг хамруулжээ.

Үүний дараа ХАА-н бүтээгдэхүүний импортын хоригийг 2018 оны 1 дүгээр сарын 1 хүртэл дахин сунгажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ