Он гарснаас хойш Европт 590 мянга гаруй цагаач иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-14 13:42:53

ЖЕНЕВ. /TASS/. Он гарснаас хойш 593 мянга 432 цагаач, дүрвэгч Газар дундын тэнгисээр дамжин Европт ирсэн тухай Цагаачлалын олон улсын байгууллага /ЦОУБ/ мэдээлжээ.

Хамгийн олон буюу 453 мянган цагаачийг Грек улс хүлээн авсан байна. Италид 136 мянга 408 хүн иржээ. Грект ирсэн дүрвэгчдийн дийлэнх нь буюу 277 мянга 899 нь Сирийн иргэд бол 76620 нь афганчууд, 21552 нь Иракийн иргэд байна. Италид ирсэн цагаачдын 35938 нь эритрейчүүд, 17886 нь нигеричүүд, 10050 нь Сомалийн иргэд аж.

ЦОУБ-ын мэдээлснээр, 10 дугаар сарын 9-нөөс хойш Европыг зорих цагаач, дүрвэгчдийн тоо 13 мянгаар нэмэгдсэн бөгөөд 3103 хүн Европт хүрэхийг оролдож байхдаа далайд амиа алджээ.

Цагаачдын дотор янз бүрийн хүмүүс байгаад ЦОУБ анхаарлаа хандуулж байна. "Грект голдуу дайны хөлөөс болон мөрдөн шалгалтаас зугтсан хүмүүс ирж байгаа бол харин Италид мөргөлдөөн, дарангуйлагч дэглэмээс төдийгүй ядуурлаас зугтсан хүмүүс ирж байна” гэж ЦОУБ-ын зохицуулах товчооны захирал Федерико Сода мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ