Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамарч байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-12 17:19:52

ДЭМБ-аас санаачлан 2014 оноос эхлэн 12 дугаар сарын 12-ны өдрийг дэлхийн 117 орны 739 байгууллага “Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрахыг дэмжих өдөр” болгон тэмдэглэж байна.

Дэлхий дээр нэг тэрбум орчим хүн эрүүл мэндийн хэрэгцээт тусламж үйлчилгээг авч чадахгүйн улмаас өвдөж, шаналж байна. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамралтыг дэмжих явдал нь Тогтвортой хөгжлийн зорилгын нэг чухал хэсэг бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ДЭМБ-аас 2015 онд боловсруулан гаргасан гарын авлага нь 5 зорилго бүхий 15 үйл ажиллагааны чиглэлийг тусгасан. Энэхүү гарын авлагыг ашиглан эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийн үйл ажиллагаанд тусган ажиллахыг гишүүн орнууддаа уриалж байна.

Манай улсад насанд хүрэгсдийн нас баралтын 86 хувь нь халдварт бус өвчний шалтгаантай, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байна. Гэтэл эдгээр өвчин, эмгэг нь хувь хүний амьдралын хэвшил, зан үйлийг өөрчилснөөр сэргийлж болох, бага зардлаар төгс эмчилж болдог тул иргэдэд эрүүл аж төрөх болон эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрах зан үйлийг хэвшүүлэх, эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Хорт хавдрын өвчлөлийн 80 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож, 40 наснаас эхлэн хорт хавдрынтохиолдол нэмэгдэж байна. 2014 оны байдлаар хүн амын дундаж наслалт богино буюу эрэгтэйд 67, эмэгтэйд 76 байна.  Иймээс хүн амд жил бүр эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамарч, өөрийн нас, хүйсэнд тохирсон эрт илрүүлэг үзлэгт орж хэвшихийг НЭМХ-гээс уриаллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ