Гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-09 17:36:40

“Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчнийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр ЭМЯ-нд боллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрхзүйн орчинг шинэчлэх, санхүүжилтийг оновчтой болгох гарцыг тодорхойлж, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхэд гадны улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж байгаа өвчний тоог бууруулах, иргэдэд учирч байгаа санхүүгийн бэрхшээлийг багасгахад бид ихээхэн анхаарч, ард иргэдээ эх орондоо бүхий л эмчилгээ оношилгоонд хамрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд төв эмнэлгүүдэд шинээр тоног төхөөрөмж авах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийгээ дагаад боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай” гэв.

Манай улсын эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ дэлхийтэй хөл нийлж, эрхтэн шилжүүлэх, тархи мэдрэл, зүрх судасны нарийн ур чадвар шаардсан мэс заслуудыг нутагшуулан амжилттай хийж байгаа хэдий ч хүн амын дунд цөөн тохиолддог өвчлөлийг эмчлэх нөхцөл нь бүрдээгүй байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлаас холбогдох журмын дагуу 5 хүртэлх хувийг олгодог.

Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны удирдлагууд, УИХ-ын Байнгын хороод, Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгэм, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ