Гаалийн татварыг хөнгөлөх, тэглэх боломжийг бүрдүүлсэн хуулийн төсөл батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-09 14:43:14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас  Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн юм.

Хуулийн төсөлд Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг мөн тус тус нэмж тусгажээ. Түүнчлэн хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уг хуулийн тухайд "Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна" гэж тайлбарлаж байсан юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол, Япон Улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улсад үйлдвэрлэсэн 5900 орчим, Японд үйлдвэрлэсэн 9300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хоёр улсын гаалийн татварын хөнгөлөлтийг эдлэх болон тэглэх /0/ боломжтой болж байна. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, валютын урсгалыг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах ач холбогдолтой юм.

Бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ангилал буюу тэмдэглэгээнээс хамаарч Япон Улсын гаалийн татварыг тэглэх болон 4-21 хувийн хөнгөлөлтийг тодорхой хугацааны давтамжаар эдлэх боломжийг хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр олгож байгаа юм байна. 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 29 аж ахуйн нэгжийн 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Япон Улс руу экспортолсон байна. Тодруулбал, хивс, ноолуур, зөгийн бал, хөнгөн цагаан хайлш, монгол гэр зэрэг бүтээгдэхүүнийг экспортолжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ