Б.Амгаланбадрах: Тусгаарлагдсан бүсэд байгаа малчдаа хяналтандаа байлгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-06 11:11:03

Цас зудтай байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрахтай уулзаж, өвөлжилтийн өнөөгийн байдлыг тодрууллаа.

-Танай суманд  өвөлжилт хүндэрсэн гээд байгаа. Одоогийн нөхцөл байдал ямар байна?

-Энэ оны 11-р сарын 8-аас 11-р сарын 16 хүртэл 8 өдрийн турш тасралтгүй цас орж, Булган сумын нийт нутгийн хэмжээнд 35-80 сантиметрийн цасан бүрхүүл тогтсон. Булган сум 241 мянган малтай, 9670 хүн амтай том сум. Өндөр уулын бүсүүд буюу манай бэлчээрийн 40 хувийг эзэлдэг газруудад маш их хэмжээний цас унаснаас болж машин зам байхгүй, холбоо харилцаа тасарсан хүнд нөхцөл байдал үүсч нийт 333 хүн, 97744 мал тусгаарлагдсан бүсэд орсон.

Сумын онцгой комисс 11-р сарын 12-нд хуралдаад өвөлжилтийн нөхцөл хүндэрч, цас  зудын байдалд шилжсэн байна гэсэн дүгнэлт гаргаад аймгийн Онцгой комисст яаралтай мэдээлэл хүргүүлсэн. Энэ мэдээллийн дагуу Улсын болон аймгийн Онцгой комиссоос Булган суманд ирж газар дээр нь ажиллаж яаралтай арга хэмжээ авлаа.

-Зам даваа хаагдаж, алслагдсан багийн малчдад хүрч чадахгүй байсан ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид алслагдсан багийн малчдад хүрэх замгүй болсон бүсүүдэд зам гаргах машин яаралтай авах нэн шаардлагатай байсан. Аймгийн Онцгой комисс болон Цэргийн ангиас хоёр хүчит техник гаргаж өгснөөр бид зам харгуй гаргаж, өнөөдрийн байдлаар 333 хүнээс 120 хүн, 37 мянган малыг сумын төв буюу аюулгүй бүс рүү нүүлгэж ирсэн байна. Одоогийн байдлаар цас хичнээн зузаан ч 11-р сарын 16-наас хойш цас ороогүй, нөхцөл байдал хэвийн байна. Мал дэрс, бургас, харгана, бударгана идэж байна. Цаашид цас орвол өвөлжилт хүндрэх бүрэн нөхцөл бүрдчихсэн байна. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга н.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Булган суманд газар дээр нь ирж ажиллахад Улсын нөөцөд байгаа өвс тэжээлийн үнийг хямдруулж малчдад олгох хүсэлтийг бид тавьсан. Зудын байдалтай холбоотой шатахууны зардал сумын нөөцөөс хэтэрвэл Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэж өгье гэсэн чиглэл өгсөн.

-Одоогийн байдлаар тусгаарлагдсан бүсэд хичнээн хүн, мал  үлдсэн бэ? Тухайн  бүсэд  чиглэсэн ямар арга хэмжээнүүдийг авч байна вэ?

-Одоогийн байдлаар 200 гаруй хүн байна. Хамгийн гол нь тэнд байгаа малчдын ихэнх нь тэндээ өвөлжөө, бууцтай. Бидний яриад байгаа хамгаалалтын бүс рүү орж ирэхэд тэжээл өвсний нөөцгүй, хэвтэр, дулаан хашаагүй гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас бид малчидтайгаа үргэлж холбогдож, холбоо тасарсан малчин айлууд руу морьтой хүмүүс явуулж сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан бүсэд байгаа хэдий ч бүх малчдаа хяналтандаа байлгаж байна. Цаг хүндрэх юм бол шуурхай тусламж, арга хэмжээг авч ажиллахад бэлэн байна.

-Өвөлжилт хүндэрсэн сумдад зориулсан “Сайн үйлсийн аян”-ыг олон газраас зохион байгуулж байна. Энэхүү аянаас өгч буй тусламжийн зүйлсийг малчдад хэрхэн хүргэж байна вэ?

-Малчдад туслах сайн үйлсийн аянд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн сурагчид нэгдэж нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй зүйлсийг тусламж болгож ирүүлсэн. НҮБ-ын Хүн амын сангаас дулаан хувцас, гар чийдэн, оо, саван гэх мэт шаардлагатай зүйлсийг ирүүлсэн. Одоогоор суманд ирүүлсэн тусламж эд зүйлсийг ажлын хэсэг гаргаад малчид руугаа өгүүлж байна. Мөн Жаргалант сумаас уриалж Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллагууд малчдад туслах аянд нэгдээд байгаа юм байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ