Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 23:04:16
Yesukheitumur Tumurbaatar

Өнөөдөр Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч соён гэгээрүүлэгч их зохиолчийн мэндэлсний тэгш ойд зориулж Боловсрол соёл ШУС-ын яам, ШУА-аас санаачлан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан юм.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас хамтран аймгийн Мөнх-Алдарын талбайд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулж 110 хүүхэд жагсан Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншин олны мэлмийг баясгасан юм.

Мөн Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулсан Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний бага хуралд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ын ерөнхийлөгч Т.Рэгдэл, тэргүүтэй төлөөлөгчид уригдан оролцож их зохиолчийн судалгаа шинжилгээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж ирсэн зочдод хандан талархал дэвшүүлж байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 27 эрдэмтэн, доктор, судлаачид оролцсон бөгөөд Япон, Орос, Буриад, Өвөр Монголын зэрэг олон улсаас доктор профессорууд оролцож их зохиолчийн уран бүтээлийн судалгаа шинжилгээний ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Түүнчлэн их зохиолчийн уран бүтээлийг хүүхдэд багачуудад таниулах, шүлэг зохиол бичих авъяастай хүүхдүүдийн чадварыг нь хөгжүүлж нэрт зохиолчийн залгамж халааг бэлтгэх тал дээр анхаарна гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм. Мөн Төв аймгийн Музейн хамт олноос их зохиолчийн зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьж үзэгчийн хүртээл болгосон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ