Дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 422 сая хүн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-16 14:09:53

ТЕГЕРАН. /IRNA/. 11 дүгээр сарын 14-нд болсон “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хийсэн мэдэгдэлд “дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 422 сая хүн байна” гэжээ.

Чихрийн шижин нь хараа муудаж, хараагүй болоход хүргэдэг гол шалтгаануудын нэг юм. Энэ өвчин туссан тохиолдолд эхний үед мэдэгдэхүйц шинж тэмдэг, өвдөлт мэдрэгддэггүй учраас хүмүүс голдуу бараг хараагүй болж эхлэх тэр үедээ л эмчид ханддаг байна. Гэвч тэр үед харааг сайжруулж, сэргээхэд хэтэрхий оройтсон байх нь цөөнгүй. Тиймээс чихрийн шижинг эрт үед нь оношлуулж, хараагаа тогтмол шалгуулж байх нь маш чухал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сүүлийн 35 жилийн хугацаанд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо бараг хоёр даин нэмэгджээ. Ялангуяа, бага-дунд орлоготой улс орнуудад чихрийн шижинтэй хүмүүсийн тоо хамгийн их нэмэгдсэн аж.

Одоо дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 422 сая хүн байна. Чихрийн шижин нь хөл гараа тайруулах, цус харвах, бөөрний дутагдалд орох, цаашлаад амь насанд хүрэх аюулд хүргэдэг байна.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ