Мишель Обамаг "өсгийтэй гутал өмссөн сармагчин" гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-16 11:14:24

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий нүүр номын /Facebook/ постын доор тус улсын Баруун Виржини муж улсын нэгэн хотын даргын бичсэн хариу олны дургүйцлийг хүргэж, ихээхэн маргаан дагуулж байна.

Тус муж улсын Клей тойргийн ашгийн бус байгууллагын тэргүүн Памела Рэмси Тейлор гэх эмэгтэй тэргүүн хатагтайг “сармагчин” гээд, “Ашгүй, Цагаан ордон ганган, дэгжин, үзэсгэлэнтэй тэргүүн хатагтайтай болох нь ээ. Өсгийтэй гутал өмссөн нэг сармагчинг харсаар ядаргаанд ороод байсан юм” гэж бичжээ.

Харин энэ постны доор Клей тойргийн Клей хэмээх ердөө 491 оршин суугчтай жижиг хотын дарга Беверли Вэйлинг “би ч бас тэгээд байсан юм” гэж хариу бичсэн байна.

2010 оны хүн амын тооллогоос үзвэл, Клей хотод нэг ч хар арьст оршин суугч байхгүй ажээ. Харин Клей тойрог нь нийтдээ 9000 оршин суугчтай бөгөөд тэдний 98 хувь нь цагаан арьстан гэнэ.

Тус тойрог нь хэдийгээр цөөн хүн амтай боловч энэхүү пост АНУ даяар төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хурдацтай тархаж, энэ хоёр эмэгтэйг хоёуланг нь ажлаас нь халахыг уриалсан өргөх бичигт 85 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Тейлорыг даваа гарагт ажлаас нь чөлөөлсөн бол Клей хотын даргыг огцруулах эсэхийг тус хотын зөвлөл хэлэлцэх гэж байгаа аж.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Баруун Виржина муж улсын Ардчилсан намын дарга Белинда Биафоре оршин суугчдынхаа нэрийн өмнөөс тэргүүн хатагтай Мишель Обамагаас уучлалт гуйхын сацуу “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгахын төлөө тэмцэх болно” гэжээ.

Баруун Виржини муж улсын сонгогчдын 68.7 хувь нь ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампт саналаа өгсөн ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ