Зураач Э.Батхуяг уран бүтээлийнхээ анхны үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-15 18:39:22

Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн дизайн, технологийн багш, зураач Э.Батхуяг “Шүтээн” нэртэй уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн соёлын танхимд дэлгэлээ.

Дээрх үзэсгэлэн нь зураачийн анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд 13 дугаар зууны  Монголын эзэнт гүрний үеийн баатар эрс, дайн тулааны сэдэвт түүх, соёлын өвийг харуулсан зургуудаас гадна байгаль, эх орон, малчин түмний аж байдлыг харуулсан реалист чиглэлийн  20 гаруй  бүтээлийг олны сонорт хүргэсэн байна.

Тэрээр хэлэхдээ  “Миний  хувьд түүхийн  сэдвийг илүү сонирхдог. Ялангуяа Монголын түүх, соёл зан заншил, өв уламжлал бол цаглашгүй их юм. Сүүлийн үед бидний түүх, зан заншил ихээхэн бүдгэрээд байна уу гэж бодогддог болсон. Тиймээс  л түүх соёлын чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байна. Удахгүй “Шүтээн-2“  уран зургийн үзэсгэлэнгээ дэглэхээр  бэлтгэж байгаа.Үзэсгэлэн таван өдөр үргэжилнэ” гэв.

Түүний хувьд багаасаа зураг сонирхож зурдаг байсан нь хожим зураач болоход нь нөлөөлж 2006-2010 онд Соёл Урлагийн их сургуулийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр,  2010-2012 онд УБИС-ийг дизайн технологийн багш мэргэжлээр тус тус төгсжээ.

Эдүгээ Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн дизайн, технологийн багшаар ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ