Эрүүл Мэндийн дэд сайд Дарханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-14 01:00:44

Эрүүл Мэндийн Яамны дэд сайд Л.Бямбасүрэн, тус яамны Эмнэлгийн Тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Азийн Хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил-5” хөтөлбөрийн зохицуулагч н.Цолмончимэг нар баасан гарагт Дархан-Уул аймагт ажиллав.

Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах” албан даалгаврын хүрээнд орон нутагт албан ажиллаж байгаа нь энэ юм. Дэд сайдын ахалсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзалт хийж аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хөндөн ярилцлаа. Дараа нь аймгийн Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, зарим Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус аймгийн хэмжээнд хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулж нэмж төрөх эмнэлэг шинээр барих, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг газар дээр нь үзэж танилцаад сайдын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ гэлээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ