Гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 732 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55 нэгжээр буюу 7 хувиар буурсан бол Зуунмод сумын нутаг дэвсгэрт эхний 10 сарын байдлаар 121 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар буурчээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 34.6 хувийг иргэдийн өмчийн хулгай, 28.5 хувийг иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, 15.3 хувийг зам тээврийн осол хэрэг эзэлж байгаа бөгөөд үүнээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 20.2 хувь, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 29.7 хувиар тус тус өссөн хэмээн Төв аймгийн Цагдаагийн газрын ОНХ Ахлах байцаагч, Цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.
Тэрээр цааш хэлэхдээ Зуунмод суманд гарсан гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 58, хүчин 1, авто осол 4, иргэдийн өмчийн хулгай 34, булаалт 1, залилан 5, танхай 5, бусад 12 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн талаар дурдсан юм.
Гэмт хэргийн улмаас иргэн аж ахуй нэгж, байгууллагад 458.300.000 сая хохирол учирч, 64 хүн гэмтэж 12 хүн нас барж, 115 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Иймээс иргэн та өөрийн эд хөрөнгө, амь нас, үнэтэй бүхий л зүйлээ болзошгүй гэмт хэргээс хамгаалж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Төв аймгийн Цагдаагийн газраас онцгой анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр