“Boeing” компани 737 Max-ын ослуудтай холбогдуулан 1.1 тэрбумыг төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-06-05 11:15:08

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /BBC/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing компани 346 хүний амь насыг авч одсон  агаарын тээврийн хоёр ослоор шүүхэд татагдахгүйн тулд 1.1 тэрбум ам.долларыг төлөхөөр зөвшөөрчээ. Энэ нь 2018 оны 10 дугаар сар болон 2019 оны гуравдугаар сард 737 Max онгоцнууд осолдсонтой холбогдуулан АНУ-ын Хууль зүйн яамтай хийсэн тохиролцооны нэг хэсэг ажээ.


Уг тохиролцоонд Boeingкомпани ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 444.5 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг тусгасан байна. Мөн дүрэм журмыг дагаж мөрдөх, аюулгүй байдал, чанартай холбоотой хөтөлбөрүүдээ сайжруулахад 455 сая ам.доллар зарцуулна. Хэлэлцээрийн дагуу Boeing мөн 487.2 сая ам.долларын торгууль төлөхөөр тохиролцсон бөгөөд үүний тэн хагасыг 2021 онд төлсөн байна.


“Манай компани энэхүү шийдвэрийн дагуу холбогдох үүргүүдийг биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнд их хэмжээний нэмэлт торгууль төлөх, институцийн сайжруулалт хийх, хөрөнгө оруулалт хийх амлалтууд багтсан гэж Boeingкомпанийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Хэрэв уг хэлэлцээрийг холбооны шүүгч баталбал онгоц үйлдвэрлэгч компани зургаадугаар сарын 23-нд эхлэхээр товлоод буй шүүх хурлаас зайлсхийх юм. 


737 Max” загварын хоёр онгоц тусдаа боловч бараг ижил байдлаар осолдож, 346 хүн амь үрэгдсэн юм. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сард Lion Air компанийн онгоц Индонезийн Жакарта хотоос хөөрснөөс хойш 13 минутын дараа Ява тэнгист осолдсоны улмаас 189 хүн амиа алджээ. Мөн 2019 оны гуравдугаар сард Ethiopian Airlines”-ын онгоц Этиопын нийслэл Аддис-Абеба хотоос хөөрснөөс зургаан минутын дараа осолдож, зорчиж явсан 157 хүн бүгд амь үрэгдсэн билээ. Энэ хоёр осол нь нислэгийн хяналтын системийн доголдолтой холбоотой байжээ.

Холбоотой мэдээ