“Сонгодог үдэш”-ээр Монгол, Австрийн сор бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-23 17:06:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан 2025 онд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.


Үүний нэг нь Австрийн уран бүтээлчидтэй хамтарсан “Сонгодог үдэш” тоглолт юм. Энэ сарын 25-нд болох энэхүү тоглолтын удирдаачаар Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер, УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир нар ажиллана.  Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалыг угтсан энэхүү тоглолт нь тус улсын соёлын аттеше Гүдрүн Хардиман Поллросс болон манай улсын ССАЖЗЯ-ны дэмжлэгтэй болж буйгаараа онцлогтой. Маттиас Флецыбергер манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд УДБЭТ, Улсын Филармони, Монгол Улсын Консерватори зэрэг байгууллагын уран бүтээлчидтэй ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зохион байгуулсан байна.


Сонгодог үдэш” тоглолтод Ж.Чулуун “Уран Хас” удиртгал хөгжим, В.Моцарт “Дон Жуан” удиртгалыг тоглохоос гадна дуурийн ари Лепореллог соёлын тэргүүний ажилтан Ж.Бямбажав амилуулах юм. Тэгвэл Дон Жуан, Церлина нарын дуэлийг Л.Болдцэрэн, Б.Одонзаяа үзэгчдийн хүртээл болгоно. Түүнчлэн Ф.Шубертын Ballet Suite #2 “Rosamunde”, Р.Штрауссын “Розенкавалер” болон Ж.Чулууны “Уран Хас” вальс, Э.В.Корнголдын “Амьгүй хот” дуурийн дуэт, И.Штрауссын “Сарьсан багваахай”, “Mein Sehnen mein Wahnen”, Радецки марш, “Цыган Барон”, “Пэрпэтум Мобилэ”, В.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн ари болон удиртгал хөгжмөөр үзэгчдийн сонорыг мялаах ажээ.


Холбоотой мэдээ