Хилийн цахим гарцаар нэвтрэхийн турд бүртгэл хийлгэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн цахим гарц /auto gate/ -ын шинэ технологийг ашиглахын тулд урьдчилсан бүртгэл хийлгэх шаардлагатай юм байна.
Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байгаа. Цахим гарц /auto gate/ -ыг ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдсэн юм. Тодруулбал, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан Бүртгэл хийлгэх шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ Наалт буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Ингэснээр иргэд цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэнэ.
Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд "Чингис хаан” олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин, Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонхонд бүртгэж байгаа аж.
Бүртгүүлэхдээ анкет /бүртгэлийн ажилтнаас авах/, гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/ шаардлагатай бөгөөд баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авахуулах юм.
Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал