Хөрөнгө оруулалт татах гэсэн Монголын оролдлого эргэлзээ төрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
nyamtulga@montsame.mn
2016-11-03 17:22:10

ХОНКОНГ. /Nikkei/. Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, Ази дахь хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улс байсан нь саяхан. Гэтэл тус улс одоо эдийн засгийн хямралд орж, бүсээ чангалж байна.

Олон улсын валютын сангаас /ОУВС/ тусламж авах асуудлаарх хэлэлцээ одоо Монголд болж байгаа. Тус улсын албаны хүмүүс байгалийн баялаг ихтэй улс орондоо хөрөнгө оруулагчдыг татахаар энэ долоо хоногт Хонконгт ирсэн боловч тэднийг хөрөнгө оруулагчид тийм ч таатай хүлээж авсангүй.

Саяхан томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх болсон  тул Хонконгт болж буй хөрөнгө оруулалтын форумд оролцох гэж байснаа цуцалжээ. Түүний оронд Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал төлөөлөгчдөө тэргүүлэн уг уулзалтад оролцсон байна.

Монголын зах зээлд гадаадын хөрөнгийг татахын тулд илүү идэвхтэй ажиллах болно гэж 2014 оны нэгдүгээр сард албан тушаалаа өгсөн Х.Алтай Төв Азийн орнуудад хөрөнгө оруулалт татах зорилгоор жил бүр болдог чуулга уулзалтад оролцох үеэрээ хэлсэн байна. Мөн тэрбээр “манай Хөрөнгийн бирж хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй үйл ажиллагаа явуулна” гэж амлажээ.

Валютын ноцтой хомсдол ороод байгаа Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон портфелийн хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа билээ. Банкны төрөл бүрийн зээл олгох замаар дотоодын бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгох үйл явцыг хөнгөвчлөх болон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах нь манай биржийн зорилт юм гэж Х.Алтай онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, Монголын гаргасан бондыг худалдан авах хоёрдугаар жагсаалтад гадаадын компаниудыг нэмж оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

2011 онд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оргилдоо тулсан боловч энэ нь одоо хоёр дахин унаад байна. Өнгөрсөн онд арилжааны хэмжээ 2012 оныхоос тав дахин буурчээ. “Монгол одоо хэрэгтэй байгаа зүйл бол мөнгө” гэж Х.Алтай форумын үеэр мэдэгдлээ.

Х.Алтайгийн гаргасан санал зарим нэгэнд эргэлзээ төрүүлсэн байна. “Asia Frontier Capital” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулалтын сангийн менежер Томас Хаггер хоёр сарын турш арилжаанд оролцох эрхээ хязгаарлуулсан тухайгаа дурдаад “миний уур маш их хүрсэн” гэв. Тэрбээр Вьетнам, Пакистан, Бангладеш зэрэг хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийдэг аж. Гэтэл Монгол дахь түүний брокер арилжаанд оролцох эрхээ гэнэт хасуулсан тул тэд хувьцаа худалдан авах, худалдах боломжгүй болсон байна. Монголын зохицуулагч байгууллагын явуулсан шалгалтын дүнг үзвэл, Хаггерын 17 сая долларын /үүний 11 хувь нь Монголд хөрөнгө хэлбэрээр байна/ санхүүжилт нь хоёр сарын турш  алдагдалд оржээ.

Үүнээс гадна Монголын зохицуулагч байгууллага болон хөрөнгийн биржид илгээсэн мэдэгдлийг хүлээн аваагүй гэж Хаггер хэллээ. Энэ хэрэг явдал болж байх үеэр Хөрөнгийн биржид ажиллаж байгаагүй Х.Алтай Хаггерийн гомдлыг хүлээн авч, түүнийг нягтлан шалгахаа амласан байна.

Хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авна гэдэг бол тун хэцүү. Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар ялагдал хүлээсэн Ардчилсан намын үед хэрэгжүүлж байсан бодлогын алдаа дэлхийн зах зээлд нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ унасантай зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулалтыг огцом буурахад хүргэсэн билээ.

Монгол Ардын намын байгуулсан Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын болгоомжлол тийм ч амархан арилахгүй. Монголын Засгийн газрын байдлыг урьчилан таамаглах нь одоо хэр нь гол эрсдэл хэвээр байна гэж “Rimu Resources” компанийн түүхий эдийн санхүүжилтийн захирал Крис Брэдли ярьж байна. Мөн тэрбээр, энэ форум өмнө нь 10 дахин том төлөөлөлтэй болдог байлаа гэв.

Харин “ING” банкны Монгол дахь төлөөлөгч Эрик Версавел банкны салбарын зөвлөлийн уулзалтын үеэр хэлэхдээ,  энэ цаг мөчид олон улсын санхүүгийн байгууллагууд бодлого, санхүүгийн сахилга батад итгэх итгэл бий болохыг хүлээж байна гэв.

 “Оюутолгой”-той холбоотой асуудлыг зохицуулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн хүлээлтэд найдан тайвширч болохгүй гэж бусад хөрөнгө оруулагчид үзэж байна. “Оюутолгой” төсөл нь эдийн засгийн асуудлуудыг зохицуулна гэсэн хүлээлт байж болохгүй гэж “International Finance” корпорацийн Монгол дахь төлөөлөгч Туен Нгуен анхааруулав. Тэрбээр хэлэхдээ, шинээр хөрөнгө оруулалт татах үндсийг тавихын тулд эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч, уул уурхайн бусад том төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр, Монголын ирээдүй хөрөнгө оруулалтаас хамааралтай бөгөөд тус улс дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэлээ.

Харин Х.Алтай хэлэхдээ “юмс өөрчлөгдөнө гэсэн найдвар бий. Монгол Улс өмнө нь том сургамж авсан. Үүнд тулгуурлан цаашид зөв шийдвэр гаргах болно” гэв. /2016.11.02/

/http://asia.nikkei.com/Politics-Economy/Economy/Mongolian-investment-pitch-met-with-skepticism?page=2/

Д.Нямтулга

Холбоотой мэдээ