Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэлд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-07 10:43:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүд болон U23 насны эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн зарим тамирчин олон улсын бэлтгэлд оролцож байна.


Тодруулбал, эрэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, туслах дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлага дор Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Хамтарсан бэлтгэл 21 хоног үргэлжлэх бөгөөд үүний дараа Дагестанаас төрөн гарсан алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох аж. Улмаар энэ сарын 21-нд эх орондоо ирж, 29-нд “Буянт-Ухаа спортын ордонд болох чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглоно.


Тэгвэл U23 насны ангиллын УАШТ-д түрүүлсэн зургаан тамирчин дасгалжуулагчийн хамтаар БНСУ-д олон улсын хамтарсан бэлтгэлд оролцохоор өнөөдөр тус улсыг зорилоо. Энэхүү бэлтгэлийг Солонгосын тал зохион байгуулж байгаа бөгөөд тамирчид, дасгалжуулагчийн бүх зардлыг бүрэн хариуцаж байгаа аж. Бэлтгэл энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.




 

Холбоотой мэдээ