Д.Марадона: Аргентины шигшээ ДАШТ-нд оролцож чадахгүй байж магадгүй

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-11-02 15:37:34

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Аргентин улсын шигшээ баг оролцож чадахгүй байж магадгүй гэж үзэж байгаагаа домогт хөлбөмбөгчин Диего Марадона мягмар гарагт илэрхийлжээ.

Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч асан Д.Марадона-гийн ярьснаар, шийдвэр гаргагч хөлбөмбөгийн байгууллагуудад Аргентин улсын ашиг сонирхлыг төлөөлөхөөр нэг ч хүн байхгүй аж.

“Бидний төлөө зогсох нэг ч хүн алга. Аргентины хөлбөмбөгийн холбоонд болж буй бүх зүйлийн талаар миний хувьд санаа зовохгүй байж чадахгүй нь” гэж тэрбээр ярьжээ.

Тоглох эрхээ хасуулсан тоглогчдыг Өмнөд Америкийн бүсийн тоглолтод оролцуулсных нь төлөө Боливи шигшээ багийн хийх ёстой байсан ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх хоёр тоглолтыг нь цуцлах шийдвэр гаргасны дараа Марадона ийм мэдэгдэл хийжээ. 

Уг шийдвэр гарснаар ДАШТ-ний урьдчилсан шатанд Чили улс 16 оноотойгоор хүснэгтийн 5-рт орж ирснээр хасагдах шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Харин Аргентины шигшээ 6 дугаар байр руу ухарчээ. Хэдийгээр Аргентины шигшээ баг Чилитэй адил 16 оноотой боловч гоолын зөрүүгээр ийнхүү Чилийн дараа бичигдсэн байна.

Шигшээ багаа ахлан 1986 онд Мексик, 1990 онд Италид болсон ДАШТ-д хоёр удаа дараалан түрүүлж байсан Марадона “Аргентины хөлбөмбөгийн холбоог цэвэрлэх хэрэгтэй” гээд “тус байгууллагын албаны хүмүүс хулгайлсан мөнгөө нэг бол буцааж өгөх эсвэл шоронд орох хэрэгтэй” гэж шаарджээ.

“Аргентины өмнөөс би асар их санаа зовж байна. ФИФА-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино хулгай хийсэн нөхдүүдийг удаан байлгахгүй гэж найдаж байна” хэмээн Марадона “Fox sport” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Аргентины шигшээ баг ДАШТ-ний урьдчилсан шатанд 11 дүгээр сарын 10-нд Бело Хоризонте хотод Бразилын шигшээ багтай тоглох бол 11 дүгээр сарын 15-нд Буэнос-Айрес хотоос 1200 км-ийн зайд орших Сан-Жуан хотод Колумбын шигшээтэй тоглох юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ