“Их дуулга” тэмцээнээс Ж.Анударь алт, Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-03 12:26:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотод эхэллээ.


2025 оны тав дахь “Их дуулга”-д 27 орны 226 (эрэгтэй 123, эмэгтэй 103) жүдоч оролцож байгаа юм. Тэгвэл манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 17 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, манай долоон бөх дэвжээнд гарч алт, хүрэл медаль хүртжээ.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь “С” хэсгийг толгойлон барилдахдаа Туркменистан, Узбекистан, Франц, Хятадын бөхийг ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд Хятад, Францын бөхийг ялсан ч хагас шигшээд Азербайжаны жүдочид ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдочийг цэвэр ялсан байна.


Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 73 кг-д Л.Энхдөл, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Гансүх, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч, Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.
















Холбоотой мэдээ