Аймгийн хэмжээнд 49 мянган мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-11-02 10:44:43

Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд нийтдээ 49700 мод тарьж ургуулсан тухай дүн мэдээ байна. Намрын мод тарих ажил энэ сарын 8-13 ны өдрүүдэд үргэлжилж, Чойбалсан хотод нисэх буудлын зам дагуу, үдэлт угталтын талбай, Бунхан толгой гэсэн товлосон газарт нийт 8 төрлийн 12500 ширхэг мод тарьж, 30 машин хар шороо буулгажээ.

-Одоо цаашид тарьсан модоо арчилж тордох тал дээр анхаарч ажиллаж байна. Цагаан-Овоо, Булган, Дашбалбар суманд Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газрыг байгуулснаар тэд цаашид сумын хэмжээнийхээ ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг хариуцан ажиллана. Баяндун суманд жимсний төгөл байгуулж, шинээр 500 ширхэг жимсний мод тарьсан тухай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтан ярив.

Мөн Тамсагийн сав газар дахь Газрын тосны 21 дүгээр талбайн Байгаль орчны тасаг энд ажиллаж байгаа монгол ажилчдаа уриалан тэд цалингаасаа 1,2 сая төгрөгөөр 550 ширхэг мод худалдан авч жимсний төгөл шинээр байгуулжээ. Халхгол суманд 2 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, талбайгаа хашаажуулж, 1 га-д услалтын систем ашиглалтад оруулжээ. Мод үржүүлгийн талбайд 13 төрлийн мод, бут сөөг, 15885 ширхэг мод тарьж хүлээлгэн өгөв. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар суулгацыг тарьж бэлтгэснээр Матад, Халхгол суманд ногоон байгууламжтай болох боломжийг бүрдүүлж, Чулуунхороот, Дашбалбар, Хөлөнбуйр суманд Мод үржүүлгийн газар байгуулахыг аймаг бодлогоор дэмжин ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын дэргэд байгуулсан ажлын хэсэг ойжуулсан талбайд ажиллан чанар, үр дүнг нь тооцох тооллого хийснээр тарьсан мод бутны 70 гаруй хувь амьдрах чадвартай гэж үзсэн байна.    

Б.Туяа

 

Холбоотой мэдээ