Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд иргэний нийгмийн оролцоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-22 17:46:05

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сүрьеэгийн оновчтой бодлого, тогтвортой санхүүжилт, ил тод хяналтыг бий болгох зорилготой “Сүрьеэгүй Монгол эвсэл”-ийг байгууллаа.


Дэлхий нийтэд сүрьеэг 2030 он гэхэд устгах том стратеги тавьсан. Манай улсад ч гэсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод энэ талаар тусгасан байдаг. Сүрьеэ өвчнийг багасгахад эрүүл мэндийн салбараас гадна иргэний нийгмийн байгууллагын оролцоо хэрэгтэйг эмч судлаач нар “Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт”-ын үеэр онцлов. 


ДЭМБ-аас 2-3 жил тутам эмчилгээ оношилгоондоо шинэ эм, горимыг нэвтрүүлдэг.

Манай улс сүрьеэг эрт үед нь илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргыг ашиглаж, олон эмд дасалтай сүрьеэг хоёр жил эмчилж байсныг 6-9 сар, мэдрэг сүрьеэгийн эмчилгээг зургаан сар эмчилж байсныг дөрвөн сар болгон богиносгосон.

 Мөн сум орон нутагт явуулын дижитал рентген аппаратаар оношилгоо хийж байна. 


Энэ мэтчилэн эмчилгээ оношилгооны чадавхыг сайжруулж байна. Нийгмийн халдварт сүрьеэ өвчнийг багасгахад зөвхөн эрүүл мэндийн байгууллагын бодлого, хөтөлбөр хангалтгүй. Үүнд төр болон ТББ, олон нийтийн оролцоо дэмжлэг чухлыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг тодотгов. 


ДЭМБ-ын тооцооллоор манай улсад жилд сүрьеэгийн 12-14 мянган тохиолдол илрэх эрсдэлтэй гэж үзжээ. Харин бид жилд дунджаар гурван мянга орчим тохиолдол буюу тооцоолсон өвчлөлийн 25 орчим хувийг илрүүлж байна. Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо нь энэ өвчний оношилгоо эмчилгээг сайжруулж, сүрьеэтэй тэмцэхэд ахиц дэвшил гаргахын тулд иргэд, эрүүл мэндийн байгууллага, ТББ-ын оролцоог хангасан эвслийг байгуулсан юм. 


Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны судалгаа, инновац хариуцсан удирдагч, анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа ярихдаа, "Ази-Номхон далайн бүсийн гурван улсад олон нийтийн сүлжээ, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх бүсийн санаачилгаар байгуулсан “Сүрьеэгүй Монгол эвсэл” нь сүрьеэ, хүний эрх, ХДХВ/ДОХ-ын эсрэг, орон гэргүй, архины хамааралтай иргэдтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн. Сүрьеэгээр өвчлөгсдийг ялгаварлан гадуурхахыг арилгах, олон нийтэд мэдээлэл хүргэх, бодлого боловсруулах, санхүүжилтийн ил тод байдлыг бий болгохыг зорьж байна. Ингэснээр сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, эмчилгээ оношилгоондоо ахиц гаргах боломжтой” гэв.


Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлийн маш олон төсөл, хөтөлбөр бий. Тухайн улсын Засгийн газар олон улсаас хэрэгжүүлж буй төслийн санхүүжилт багасахад эм, бусад зардлыг нь хариуцах ёстой байдаг. Тухайлбал, "Глобал сан"-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд энэ онд эмд тэсвэртэй сүрьеэгийн төсвийн 50 хувийг Засгийн газар дааж байна. Харин ирэх онд тус сангаас 35, манай улсаас 65 хувийг даах юм. Сүрьеэгийн тусламж үйлчилгээг цаашид хүртээмжтэй хүргэхийн тулд санхүүжилтэд анхаарах хэрэгтэйг эмч судлаачид онцоллоо. 









Холбоотой мэдээ