ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг шинэчлэн тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд “Нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны
тогтоолоор сонсголын товыг өөрчилж, энэ сарын 22-нд хийхээр
тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, ЭМДҮЗ-ийн гишүүнд
нэр дэвшигчийн сонсголыг хийхээс өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн
зарцуулалтын талаар мэдээлэл сонсох нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний
гаргасан саналыг хүлээн авч, мэдээлэл сонсох ажлыг энэ долоо хоногт зохион
байгуулна хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан
мэдэгдэв.
ЭМДҮЗ-ийн
гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр
сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Баяраагийн Рагчааг тус зөвлөлийн гишүүнд
нэр дэвшүүлээд байгаа юм. Нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний
эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын
тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион
байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.