ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлд 5 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-08 15:20:23

Даланзадгад, 2025  оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төслийн шалгаруулалтад 157 аж ахуйн нэгж, нийт 22,5 тэрбум төгрөгийн төсөл ирүүлжээ.

 

Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөр ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 3 дугаар сарын 8-наас 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд нээлттэй зарласан юм.

 

Тухайн хугацаанд төсөлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд "Зөвлөе, тусалъя" уриатай нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар зөвлөх үйлчилгээг 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид үзүүлсэн нь үр дүнтэй ажил болжээ.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлттэй зээлийн төсөлд ирсэн иргэд, ААНБ-ын төслийг хамтарсан ажлын баг хуулийн хугацаанд сонгон шалгаруулж шаардлага хангасан төслийг нээлттэй зарлаж, төсөлд хамруулах юм.

 

Өмнөговь аймаг хөнгөлөлттэй зээлд 2022 онд 5 тэрбум, 2023 онд 4 тэрбум, 2024 онд 1 тэрбум төгрөгөөр 87 аж ахуйн нэгжийг санхүүжүүлэн бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгож, шинээр 480 ажлын байрыг нэмэгдүүлсэн бол 176 ажлын байрыг хадгалах боломжоор хангажээ.

Холбоотой мэдээ