Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна.
Ассамблейд оролцож буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга
Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрөгч
гуравдугаар сарын 18-24-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ-д
хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тодотгож, энэ нь хоёр улсын
харилцаанд онцлох үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ. Монгол, Британи улс газар зүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг
нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур
болсоор ирснийг УИХ-ын дэд дарга онцоллоо.
Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.
ОУПХ-той харилцах
Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын
төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад
жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази
тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр УИХ-ын
даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд
баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр
хамтран ажиллахаа хэллээ.
Уулзалтын
төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Британийн парламент дахь ОУПХ-той
харилцах бүлгийн төлөөлөл энэ оны 6 дугаар сард манай улсад айлчлахаар болсонд
баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу уг айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад
дэмжлэг үзүүлэхээ тодотголоо. Энэхүү бүлэгт Британийн парламентын Нийтийн болон
Лордын танхимын гишүүд элсдэг бөгөөд дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн
бүрэлдэхүүнийг жил бүр сонгон томилдог байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.