ДАРХАН-УУЛ: Цэргийн мэргэжил олгох сургалт бямба гарагт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас "Оюутан цэрэг" хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгдэж 1-3 дугаар дамжааны оюутан суралцагч хамрагдах боломжтой болжээ.
Тус хөтөлбөрт хамрагдахаар аймгийн хэмжээнд 150 оюутан бүртгүүлснээс эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт өгч шалгуур үзүүлэлт хангасан 63 оюутан батламжаа гардан авлаа.
Сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь хоёр багц 96 цагийн хичээл орох бөгөөд энэ сарын 5-ны өдрөөс долоо хоног бүрийн бямба, ням гарагт, 6 цагаар хоёр сарын туршид хичээллэх юм.
Харин цэргийн мэргэжлийн бэлтгэлийг зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд явуулна.
“Оюутан
цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцааг орон нутгаас дэмжин
ажиллахын зэрэгцээ, хээрийн бэлтгэл хийх газрын цэрэгжилтийн хангалтад зэвсэгт
хүчний 330 дугаар анги хамтран ажиллаж байна.