Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос 9 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн нийт
экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу энэ сарын 18-24-нд
нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт
57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч
13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая
ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель,
шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлсөн.
Экспортын орлогын
өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая
доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг
хангах түвшинд байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.