"Apple", “Google” зэрэг компаниуд яагаад нарны эрчим хүчийг сонирхох болов?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-10-26 12:53:00

ЛОНДОН. /ВВС/. Хүмүүсийн ихэнх нь “Apple” компанийг зөвхөн ухаалаг гар утас, компьютер, ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэдэг гэж боддог. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард тус компани Калифорни муж улс дахь өөрийн худалдан авсан нарны цахилгаан станцаас гарган авсан эрчим хүчийг худалдах зөвшөөрөл авсан нь хүмүүсийн дээрх бодлыг өөрчиллөө.

“Apple” компани өмнө нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах гэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Зөвхөн тус компани ч биш цахим худалдааны “Amazon” сайт 253 мегаваттын салхин цахилгаан станцыг Баруун Техаст барина гэдгээ мэдэгдсэн бол “Google” компани нарны эрчим хүчний “Ivanpah” системд хөрөнгө оруулалт хийсэн билээ. Технологийн компаниуд яагаад сэргээгдэх эрчим хүчний салбар руу тэмүүлэх болов?

"Эдгээр том корпорациуд эрчим хүчинд хамгийн их зардал гаргадаг. Эрчим хүчний зардлыг бууруулах нь тэдний хувьд амин чухал асуудал юм" гэж “IHS Technology” компанийн нарны эрчим хүчний асуудлаар мэргэшсэн шинжээч Эш Шарма ярьж байна.

Орчин үеийн мэдээллийн төвүүдийг цахилгаанаар хангахад асар их эрчим хүч зарцуулдаг. Хоногт 24 цагийн турш зогсолтгүй ажиллах тоног төхөөрөмжүүдийг хөргөхөд асар их зардал гардаг байна.

Харин нарны эрчим хүчний үнэ өртөг төсөөлж байснаас илүү хурдацтайгаар буурч байна. Өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Дабид болсон эрчим хүчний дуудлага худалдааны үер Япон-Хятадын хамтарсан консорциум 1квт/цаг эрчим хүчийг 2.5 центээс бага үнээр үйлдвэрлэх нарны цахилгаан станц байгуулах санал дэвшүүлжээ. Энэ нь АНУ-д хий болон нүүрснээс гарган авсан эрчим хүчнээс хамаагүй хямд тусах бөгөөд одоогийн байдлаар хамгийн хямд үнэтэй эрчим хүч гэж тооцогдож байгаа юм.

Нарны эрчим хүчний үнэ буурч байгаа нь нарны зайн хавтангийн үйлдвэрлэл их хэмжээгээр нэмэгдэж байгаатай шууд холбоотой гэж Шарма үзэж байна. Тэрбээр хэлэхдээ “Хятад улсад нарны зайн хавтангийн үйлдвэрлэл асар их нэмэгдсэн. Дэлхий даяар үйлдвэрлэж буй хавтангуудын 80 хувийг тус улсад үйлдвэрлэдэг” гэлээ.

Нарны цахилгаан станц барих зардал эрчимтэй буурч байгаатай холбоотойгоор дэлхий даяар нүсэр том цахилгаан станцуудыг улам олноор нь барих боллоо. Одоогоос хэдхэн жилийн өмнө 50 мегаваттын цахилгаан станц барих нь томоохон төсөлд тооцогддог байсан бол одоо хэдэн зуун мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих тухай ярьж байна. Жишээ нь, дэлхий дээр хамгийн том буюу 750 мегаваттын хүчин чадалтай “Rewa Ultra Mega Solar” гэдэг цахилгаан станцыг Энэтхэгийн Мадхья Прадеш мужид барьж байгаа бөгөөд 2017 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж.

Эдгээрээс гадна нарны эрчим хүчний тэжээлийн элементийг судлах гайхалтай судалгааг явуулж байна. “Перовскит” гэдэг ашигт малтмалын тунгалаг бүтцийг дуурайлган хийсэн синтетик материалыг туршилтын шинэ хавтангуудад ашиглажээ. Үүнийг одоогоор судалж байгаа хэдий ч үр дүнтэй болбол тэжээлийн элементийг хямд өртгөөр үйлдвэрлэснээр хавтангууд илүү үр ашигтай байх юм.

Нарны эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний ганцхан хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нарны эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүний сацуу ирэх онд нарны эрчим хүчний үнэ 30 орчим хувиар буурна гэж “IHS Technology” компани таамаглаж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ