Шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгаруулав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-25 17:03:58

Завхан түншлэл 2016 үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо. Завхан аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Дэлхийн Зөн ОУБ Завхан ОНХХ, Завханхангай ОНХХ, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулж буй Завхан түншлэл 2016 үзэсгэлэн худалдаа Улиастайд гурван өдрийн турш болж шилгүүдээ тодруулжээ.

Бизнес эрхлэгчдийг дэмжин, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах боломжийг бий болгодог үзэсгэлэн худалдаанд Говь-Алтай, Ховд, Завхан, Баянхонгор аймгийн долоон компани, 40 хоршоо, найман бүлэг, нэг ТББ, хувиараа бизнес эрхлэгч 61  иргэн оролцжээ.

Энэхүү үзэсгэлэн худалдаа чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.

Үзэсгэлэнгийн “гран при”-ийн эзнээр Завхан Баялаг ХХК-ийн чацарганы чанамал тодорсон бол шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүнээр Улиастай сумын иргэн н.Цагаанхүүгийн хүнсний ногоо, шилдэг гар урлалын бүтээгдэхүүнээр Тосонцэнгэл сумын иргэн А.Зундуйгочоогийн эсгий зураг, шилдэг мод модон бүтээгдэхүүнээр Улиастай сумын Цэнхэр Хулан хоршооны мөнгөний авдар, шилдэг сүлжмэл бүтээгдэхүүнээр Дөрвөлжин сумын иргэн Г.Даваажаргалын хүүхдийн цамц, шилдэг арьс ширэн бүтээгдэхүүнээр Их-Уул сумын иргэн Н.Энхцэцэгийн арьсан гутал, шилдэг оёмол бүтээгдэхүүнээр  Улиастай сумын Богд шүтээн ХХК-ний европ болон үндэсний хувцас, шилдэг жимс жимсгэний бүтээгдэхүүнээр Улиастай сумын Мөнхөд мандаг ХХК-нийн гишүүний шүүс, шилдэг мах, махан бүтээгдэхүүнээр Ховд аймгийн Ханжаргалант Ховд хоршооны гахайн утсан мах тус тус шалгарчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ